Анх удаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) дэлхийн орнуудын агаарын чанар болон бохирдлын түвшинг тодорхойлох судалгааг санаачилж  гүйцэтгэсний дүнд Америкийн Нэгдсэн Улс болон Канадын шилдэг хотуудын агаарын чанар сайн харин Иран, Энэтхэг, Пакистан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой орноор тодорхойлогдсон байна. WHO-ийн тооцоогоор агаарын бохирдлоос шалтгаалж үүссэн өвчнөөс жилд 1,34 сая хүн нас бардаг байна.

Агаарт агуулагдах дэгдэмхий тоосонцор хорт бодисын агуулга 20 мг/м3-ээс хэтэрсэн тохиолдолд хүмүүсийн амьсгалын замын өвчин үүсэх   магадлал маш их болдогийг WHO сануулж байна. Улаанбаатар хотын хувьд тоосонцорын дундаж агуулга 63 мг/м3 хүрсэн байна. Энэ нь тээврийн хэрэгсэл, цахилгаан станц, аж үйлдвэрүүдээс гадна гэр хорооллын үйл ажиллагаанаас шууд хамааралтай юм.  Мэргэжилтнүүдийн судалгаагаар сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос шалтгаалж 17-оос доош насны хүүхдүүд хоолойн замын өрөвсөл өвчинд ихээр нэрвэгдэж үүний дотор дийлэнх хувийг 3-аас доош насны хүүхдүүд эзэлж байна.

  Эрдэмтэдийн тогтоосноор PM2.5 агуулга нь 12 мг/м3-аар ихсэх бүрд хотын оршин суугчдын нас баралтын хувь 0.35%-ээр нэмэгддэг байна.

        PM10 гэдэг нь юуг илэрхийлдэг юм бэ? 

PM10 (Particulate Matter10) нь 10 микроноос бага диаметртэй тоосонцорыг хэлнэ. Үүнийг амьсгалыг дагаж ордог тоосонцор гэж нэрлэдэг байна. Тус тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар орших чадвартай бөгөөд хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэнэ.

           PM2.5 гэдэг нь юуг илэрхийлдэг юм бэ?

PM2.5 (Particulate Matter2.5) нь 2.5 микроноос бага диаметртэй тоосонцорыг хэлнэ. Үүнийг уушгинд  нэвтэрдэг тоосонцор гэдэг. Энэ тоосонцор нь их хэмжээний хорт бодис агуулахаас гадна агаарт урт удаан хугацааны туршид тогтож хол нүүдэлдэг учраас амьсгалын замаар дамжин уушигны агаарын солилцоонд харш нөлөө үзүүлдэг бөгөөд бронхит, астма үүсгэхээс гадна зүрх судас болон цусны эргэлтийн тогтолцооны өвчний шалтгаан болдог.